Шинэ иргэншил политехник коллежийн сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам


Захирлын 2026 оны 05 сарын 11-ны өдрийн

А/11 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШИПК-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ 

СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

  1. ШИПК-ийн Мэргэжлийн болон техникийн боловсрол, мэргэжлийн зэргийн (II-III түвшин) хөтөлбөрт элсэхийг хүссэн суралцагчийн хүсэлтийг шийдвэрлэх, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
  2. Сургалтын хөтөлбрт, суралцагч элсүүлэхдээ дараах хуулийн болон стандарт шаардлага, холбогдох журам, сургуулийн Удирдах зөвлөлөөс дэмжиж, Боловсролын яамнаас баталсан хяналтын тоог баримтлан элсэлтийн ажлыг зохион байгуулна.

-Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 

-МБС. Ерөнхий шаардлага, заавал мөрдөх үндэсний стандартын холбогдох заалтууд (8.1; 8.2) 

-Боловсролын яамнаас баталсан хяналтын тоо

-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам (ХНХ-ын сайдын 2019 оны А/187 дугаар тушаал) 

-Ажлын байрны талаар хөдөлмөр эрхлэлтийн алба, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн нэгжээс ирүүлсэн судалгаа

Хоёр. Коллежийн элсэлтийг зохион байгуулах комисс

2.1. Шинэ иргэншил Политехник коллежийн элсэлтийн ажлыг захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна. 

2.2. Комисс нь элсэлтийн маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг шуурхай удирдлагаар хангаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

2.3. Комисс нь элсэлтийн явц, үр дүнгийн талаар мэдээллийг коллежийн Захиргааны зөвлөлд тухай бүр танилцуулахын хамт, тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа Захиргааны зөвлөл, багш нарын ажил төрлийн уулзалт, СҮЧБ-ын албаны хэмжээнд зөвшилцөн шийдвэрлэж байна. 

Гурав. ШИПК-ийн элсэгчдэд тавих нийтлэг болон тусгай шаардлага

3.1 ШИПК-ийн техникийн боловсролын 1.5 жилийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэнийг;

3.2 Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэнийг; 

3.3 Мэргэжлийн боловсролын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн иргэнийг;

3.4 Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт боловсрол харгалзахгүй, насанд хүрэгчдийг элсүүлэн сургана. 

3.5 Коллеж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтална. 

 

Дөрөв: Элсэлтийн ажлыг зохион байгуулах хугацаа 

 

Элсэлтийн ажлыг хичээлийн жилийн эхлэх хугацаа, мэргэжлийн боловсролын төгсөлт, ажил олгогчдын захиалга, суралцагчийн хүсэлт (насанд хүрэгчид)-ийг харгалзан дараах байдлаар зохион байгуулна. 

4.1 Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн хөтөлбөрийн элсэлтийг 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд; 

4.2 Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн хөтөлбөрийн элсэлтийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө болон 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл; 

4.3 Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг ажил олгогчийн захиалга, суралцагчийн саналыг харгалзан уян хатан зохион байгуулна. 

 

Тав: Сургалтын хөтөлбөрүүдэд элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хэлбэр, бүрдүүлэх материал

5.1 Тус коллежид элсэхийг хүсэгчид нь энэхүү журам болон сургуулийн ажил, амьдралтай сайтар танилцсаны үндсэн дээр өөрийн биеэр бүртгүүлнэ.

5.2. Коллежид элсэх, бүртгэл хийлгэхдээ элсэгч нь дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: 

  • Сургууль төгссөн тухай боловсролын гэрчилгээ эх хувиар
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • 2% зураг (7х5)
  • Элсэлтийн хураамж

5.3 Мэргэшүүлэх сургалтын зардлын 50% төлснөөр элсэлтийн бүртгэл баталгаажиж, 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор үлдсэн 50% төлж барагдуулснаар сургалтын гэрээ байгуулна.

Зургаа. Элсэгчийн шалгаруулалт

6.1. Мэргэжил тус бүрээр элсэхээр бүртгүүлсэн элсэгчийг дараах шалгуурыг баримтлан хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:

  • сурлагын голч дүн
  • суралцах сонирхол, чадвар, мэргэжлийн чиг баримжаа
  • элсэгчийн онцлох авьяас чадвар

6.2 Тус коллежид элсэгчдийг хүсэл сонирхлын дагуу бүртгэж, боловсролын баримт бичгийн дүнгийн дундаж оноо, суралцах чадвар, мэргэжлийн чиг баримжаа зэргийг харгалзан хяналтын тоонд багтаан элсүүлнэ

Долоо. Элсэгчдэд олгох тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал

7.1. Тус коллежид элсэн орсон тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид сар бүр 200000 (хоёр зуун мянган) төгрөгийн тэтгэлгийг тооцон төгсөхөд нь нэг удаа  олгоно. 

7.2. Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдын мэргэшүүлэх хичээлийн зардлыг (нэг жилийн зардлыг) 20% хөнгөлнө.

7.3 Ерөнхий боловсролын сургуулийг 90-100% үнэлгээтэй төгссөн суралцагчийг тухайн элсэн орж буй хичээлийн жилийн мэргэшүүлэх хичээлийн зардлаас 20%, харин 80-89% үнэлгээтэй төгссөн суралцагчийг тухайн элсэн орж буй хичээлийн жилийн мэргэшүүлэх хичээлийн зардлаас 15% тус тус хөнгөлнө.

7.4. Нэг гэр бүлийн хоёр хүүхдийн нэг нь, мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу бүтэн өнчин суралцагчийн мэргэшүүлэх хичээлийн зардлыг 30% тус тус хөнгөлнө.   

7.5. Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн сурагчдыг “Ерөнхий сайдын тэтгэлэг”-т тодорхойлох, бусад ивээн тэтгэгч байгууллагуудад тодорхойлж, дэмжлэг олгоход тэргүүн ээлжинд анхаарна.

Найм. Сургалтын гэрээ байгуулах

8.1. Энэхүү журмын шаардлагыг хангаж бүртгүүлсэн болон мэргэшүүлэх сургалтын зардлыг төлсөн элсэгчтэй сургалтын гэрээ байгуулна.

8.2. Сургалтын гэрээ байгуулсан сурагчдын талаар элсэлтийн тушаал гарснаар дараах эрхүүд нээгдэнэ. Үүнд:

  • Боловсролын яамны МбТБС-ын цахим бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тэтгэлэг олгох эрх нээгдэх
  • Номын сан, мэдээллийн технологийг эх үүсвэрүүдийг ашиглах
  • Сургуулийн дотоод дахь дэмжлэгт хамрагдах

 

 

 

 

Коллежийн захиргаа

Элсэлтийн комисс